top of page

Цоорлоос урьдчилан сэргийлэх фторт түрхлэг (Fluoride gel and varnish)

Фтор нь шүдний гадаргууг илүү бат бөх болоход нөлөөлдөг тул өнөө үед шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд өргөн хүрээнд хэрэглэж байна. Шүдний хатуу эдүүд нь гидроксиапатит [Ca10•(PO4)6•(OH)2]-аас тогтох бөгөөд гидроксиапатит нь кальци, фосфат болон гидроксиль ион агуулсан карбонат апатит нэгдэл юм. Хэрэв амны хөндийн хүчил шүлтийн тэнцвэрт байдал алдагдаж pH 5.5-аас доош буувал гидроксиапатитын задрал явагдаж шүд эрдэсгүйжил (demineralisation) болно. Харин pH 7.0-оос дээшилвэл шүдний дахин эрдэсжилт (remineralisation) эхэлдэг. Энэ бол шүдний эрдэсгүйжил ба дахин эрдэсжилтийн тэнцвэрт байдал үүсэх нөхцөл байдал юм. Харин шүдний дахин эрдэсжилтийн үе шатанд фтор оролцох юм бол фторапатит [Ca10•(PO4)6•F2] нэгдэл үүсэх бөгөөд энэ нь хүчлийн орчинд энгийн гидроксиапатитаас илүү тэсвэртэй байдгаараа онцлог.


Шүдэнд фтор дараах үйлчлэл үзүүлнэ:

- Шүдний хэлбэржитлийн үед шүдний паалангийн кристалл бүтцийг илүү бат бөх болоход нөлөөлнө

- Шүдний эрдсийн алдагдал, эрдэсгүйжилтийн процессийг саатуулна

- Фторапатит үүсгэх замаар шүдний дахин эрдэсжих процессийг дэмжинэ

Шүдний цоорлын эрчмээс шалтгаалан фтор ашиглах заавар харилцан адилгүй байж болох ч 6 сар тутамдаа урьдчилан сэргийлэх үзлэгт орохыг зөвлөж байна.

Comments


  • Facebook - White Circle
  • Instagram - White Circle

© 2023 Cell Dental Office & Laboratory

bottom of page