1) Шүдний бүрээс (Crown)
Нэг шүдний согогийг метал, метал шаазан, алт, алт шаазан, дан шаазан, зиркони зэрэг материалуудаар сэргээдэг. Аль шүдний согог, шүдний хоршилт зэргээс хамаарч тохиромжтой материалыг сонгох бөгөөд үйлчлүүлэгчийн санал хүсэлтийг бас харгалзан үзэж болно.
Хийгдэх заалт:
- шүдний цөгцний их хэмжээний алдагдал
- цөгцний гэмтэл, хугарал
- сувгийн эмчилгээ хийлгэсэн шүд
- авагддаг шүдэлбэрийн тулгуур шүд
- шүдний хэлбэрийн гажиг, толботой шүд зэрэг гоо сайхны заалт
2) Гүүрэлсэн шүдэлбэр (Dental bridge)
Нэг болон нэгээс дээш тооны шүд алдагдсан үед шүдний эгнээг авагддаггүй шүдэлбээр сэргээж болно. Хийгдэх материалын хувьд метал, метал шаазан, алт, алт шаазан, дан шаазан, зиркони зэрэг материалуудаар хийгддэг. Алдагдсан шүдний тоо, байршил зэргээс хамааран тохиромжтой материалыг сонгох бөгөөд үилчлүүлэгчийн саналыг бас харгалзан үзэж болно.
3) Veneer (Hollywood Smile)
Veneer гэдэг нь шүдний эгнээний бага хэмжээний гажиг, өнгөний өөрчлөлт зэрэг гоо сайхны заалтаар хийгддэг шүдний гоо заслын эмчилгээ юм. Энэ нь шүдний гаднах хатуу эд (enamel)- ээс хамгийн бага хэмжээгээр өөлж аван (0.3-0.5 мм) хэв авч лабораторит дан шаазан болон зиркони материалаар тусгайлан хийгддэг.
4) Шүдний имплант (Dental implant)
Шүдний имплант гэдэг нь эрүү болон хоншоорын ясанд хиймэл ёзоор суулган алдагдсан шүдний зайг нөхөн сэргээдэг авагддаггүй хиймэл шүдний тулгуур юм. Шүдний имплант нь хүний биед хамгийн био зохицол сайтай титан болон зиркони материалаар хийгддэг.
Имплантыг хийхийн өмнө эмч бодит үзлэг болон рентген шинжилгээний (Panorama, CT, CBCT) тусламжтайгаар бүрэн оношилгоо хийж эмчилгээний төлөвлөгөөг гаргана. Үүнд эрүү хоншоорын ясны байдал, шимэгдэлт, зэргэлдээх шүдний байрлал зэргийг үнэлж имплант эмчилгээг хийдэг. Гэвч их хэмжээний ясны шимэгдэлт, буруу зуршил, ерөнхий биеийн өвчлөл (ж.нь: чихрийн шижин, хавдар, химийн болон туяа эмчилгээний үед) зэргээс шалтгаалж авагддаг шүдэлбэрийг зөвлөж болно.
Имплантын давуу тал:
- авагддаггүй
- өөрийн шүд мэт үйл зүйг сэргээнэ
- эдэлгээ удаан
Comments